Ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсч буй мянга мянган эмчид тохиолддог жаргал, зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулдгийг ТВ-9 телевизээр гарч буй Сумын эмч олон ангит кинонд тод харуулсан.
Уг киног Говь-Алтай аймгийн Тонхил суманд 45 жил ажилласан, гавьяат эмч П.Шижээ, Баянхонгор аймгийн Заг суманд 40 жил ажилласан, гавьяат эмч Д.Шаравнямбуу, Говь-Алтайн Төгрөг суманд 20 гаруй, бусад суманд ажилласантайгаа нийлээд 40-өөд жил ажилласан гавьяат эмч Т.Шатарбал нарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм. Тэдний нэг Д.Шаравнямбууг уншигч танд танилцуулж байна.
Түүнийг эмч болоход аав нь нөлөөлжээ. 1936 онд хүн эмнэлгийн техникумыг төгсөөд Завхан аймагт ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Баацагаан суманд ажиллаж байсан хэмээн дурссан. Тэрээр Улаанбаатар хотод 10 жилийн сургуулийг 1969 онд төгсч, 1969-1975 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, зургаа дахь жилдээ дотрын эмчээр мэргэшиж төгсөөд Баянхонгор аймгийн Баацагаан суманд сум дундын дотрын эмчээр гурван жил, 1978-2015 он хүртэл Заг сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр 40 жил ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарчээ.
