Ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсч буй мянга мянган эмчид тохиолддог жаргал, зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулдгийг ТВ-9 телевизээр гарч буй Сумын эмч олон ангит кинонд тод харуулсан.
Уг киног Говь-Алтай аймгийн Тонхил суманд 45 жил ажилласан, гавьяат эмч П.Шижээ, Баянхонгор аймгийн Заг суманд 40 жил ажилласан, гавьяат эмч Д.Шаравнямбуу, Говь-Алтайн Төгрөг суманд 20 гаруй, бусад суманд ажилласантайгаа нийлээд 40-өөд жил ажилласан гавьяат эмч Т.Шатарбал нарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм. Тэдний нэг Д.Шаравнямбууг уншигч танд танилцуулж байна.
Түүнийг эмч болоход аав нь нөлөөлжээ. 1936 онд хүн эмнэлгийн техникумыг төгсөөд Завхан аймагт ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Баацагаан суманд ажиллаж байсан хэмээн дурссан. Тэрээр Улаанбаатар хотод 10 жилийн сургуулийг 1969 онд төгсч, 1969-1975 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, зургаа дахь жилдээ дотрын эмчээр мэргэшиж төгсөөд Баянхонгор аймгийн Баацагаан суманд сум дундын дотрын эмчээр гурван жил, 1978-2015 он хүртэл Заг сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр 40 жил ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарчээ.
Тухайн үед эмч нарыг Эрүүл мэндийн яамнаас илгээлтээр хөдөө орон нутаг руу их явуулна. Учир нь орон нутагт эмнэлгийн боловсон хүчин хангалтгүй байв. Хөдөө явахдаа нэг хайрцаг номтой очсон болохоор мэдэхгүй зүйл гарвал номтой л нөхөрлөнө. Ер нь хүнд байсан. Нэгэнт эмчийн тангараг өргөсөн болохоор чадахаасаа чадахгүй хүртлээ явсан. Одооных шиг унаа тэрэг, харилцаа холбоо гэж байсангүй. Ихэвчлэн морь, тэмээгээр дуудлагад явна. Сум, нэгдлийн дарга л “Газ-69” унана. Эмнэлэгт гэрэл цахилгаан байхгүй, агаарын долгионоор аймагтайгаа холбогддог байж.
Баацагаан сум тэр үед 4000 орчим хүн амтай, дөрвөн багтай. Хөдөөгийн баг нь эмчгүй, олон жил ажилласан сувилагч нартай, сум дундын эмнэлэг нь 20 гаруй хүн, мэс заслын Пүрэвээ, шүдний Ёндон гэсэн хоёр эмчтэй байж. Тиймээс Ёндон эмчтэй шүд, хүүхэд, том хүн, эмэгтэйчүүд, халдвартаа үзнэ. Харин Пүрэвээ эмчтэй лааны гэрэлд мэс засал хийдэг байжээ.
Д.Шаравнямбууг төгсөх үед “Универсал курс” гээд зургаан сараар сумын эмч нарыг бэлтгэж, нүд, чих, хамар, мэдрэл, шүд, зүү эмчилгээг хэрхэн хийх талаар заасан байна. Тухайн үед одоогийнх шиг мэдээ алдуулдаг тариа гэж байсангүй новакин л байх. Багаж хэрэгсэл гэж чагнуур, даралтын аппарат, буцалгадаг зүү, тариур л байжээ. Зүүний үзүүр мохоход билүүдэж, нарийн зүлгүүрээр зүлгүүрдэнэ. 1980-аад онд пенициллин, глюкоз, стртомицин, витамин С-гээр бүх хүнийг эмчилдэг байсан аж.
Мөн ойролцоо сумын хүмүүс ирж үзүүлнэ. Баян-Овоо суманд 20 хэдтэй бачуурдаг хүүхнийг 4-5 эмч үзлээ. “Универсал эмч”-ийн сургалтад сууж ардын эмчилгээ, зүү төөнүүр заалгасан болохоор хэлийг нь хатгаж цус авсны дараа гайгүй болсон гэнэ. Баацагаан, Шинэжинст суманд ажиллаж байхад таван настай хүндхэн хүүхэд ирсэн аж. Биеийн байдлыг нь үзэхэд менингэт болсон байсныг нугасыг нь хатгаж идээг нь авч, пенициллинээр тариад эдгээжээ. Тухайн үед эмч нар тэр бүр нугаснаас ус авдаггүй, ховор байлаа. Саяхан аав ээжтэй нь уулзахад нөгөө хүүхэд маань цэцэрлэгийн багш хийгээд, нөхөр, хүүхэдтэй болсон байна лээ хэмээн хуучилсан юм.
“Түмэн олны эрүүл энхийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэхдээ та өрөөлийн төлөө өөрийгөө мартаж, зүтгэсэн. “Сумын эмч”-ийн бодит түүх танаас эхтэй” гээд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэн “Батламж” гардуулав.
Түүнээс хотод төрж өссөн болохоор морь, тэмээ унахад хэцүү байв уу гэхэд 10 жилд “Хөдөлмөр зуслан” гэж ажилладаг байлаа. Тэнд ногоо, мал аж ахуй дээр ажиллаж байхдаа морь унаж сурсан, тэмээ унаж үзээгүй. Анхны дуудлагаар морь хөтөлсөн нэг хүн ирсэн. Шинэ эмч, морь унаж чадахгүй гээд хашин морьтой ирж, арай л намайг хөтлөөгүй, ташуур гэж бургас шиг нарийхан саваа мод өгсөн.
Тэгээд хурдан явах гээд ташуурдахаар хэд цогиж байгаад больчихдог тийм номхон морь байсан. Баацагаан сум тэмээ ихтэй учраас сайхан тохоштой, ширээ бөхтэй тэмээнүүдээ хөтөлж ирэхээр нь унаад дуудлагадаа хүнтэй, хүнгүй явна. Өдөр гараад шөнө дөлөөр дуудлага өгсөн айлдаа очдог байсан болохоор одоор баримжаалж очно. Хэрэв зааж өгсөн одоор нь явахгүй бол төөрдөг байсан хэмээн ярьж байсан. Хэдийгээр гавьяаныхаа амралтыг авсан ч гэсэн хүмүүс түүнийг одоо ч зорьж очдог ажээ.
No comments:
Post a Comment