Monday, May 25, 2015

Ганцаардал

Европчуудын орчин цагийн өвчин болох ганцаардал тамхинаас илүү хор уршигтай болох нь тогтоогджээ. 300 мянган хүнийг хамруулсан 84 төрлийн судалгааны үр дүнд тулгуурлан мэргэжилтнүүд ийнхүү анхааруулж байна. Ганцаардал хөдөлгөөнгүй байдал болон хэт таргалалтаас илүү хортой. Хамгийн багадаа тамхины утааны хэмжээнээс ч илүү хортой гэнэ.
Мэргэжилтнүүд хүн тэдний урт удаан наслахад эрүүл саруул нийгмийн амьдрал чухал үүрэгтэй хэмээн үздэг. Гэвч өнөө үед эрүүл мэнддээ анхаарч спортоор тогтмол хичээллээд ч хангалтгүй юм байна. Харин тэр бүгдээс илүү нийгмийн амьдралаа идэвхтэй өөрчлөн өргөжүүлэх нь чухал аж. Уг судалгааг АНУ-ын Ута мужийн “Brigham Young” их сургуулийн эрдэмтэд хийжээ.
Судалгаа нь сайн анд, сайн гэр бүлтэй хүмүүсийн урт наслах боломж бусдынхаас 50 хувь илүү гэдгийг баталжээ. Дунджаар 60 гаран насны 300 мянган хүн хамруулсан судалгаа хийхдээ тэднийг нийгмийн амьдралаар нь харьцуулж дүгнэсэн гэнэ.
Нөгөө талаас гэр бүлийн байдал Европчуудын хувийн амьдралд сөргөөр нөлөөлөх нь элбэг байдаг. Төрөлтийн дунджаар Европт хамгийн сүүлд жагсдаг Германд 1990 оноос хойш бие даан хүүхдээ өсгөдөг өрх толгойлсон эмэгтэй болон эрчүүдийн тоо эрс нэмэгдсэн аж. Энэ нь ганц гэр бүлд ч биш бүр улс орны эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон байна. Тус улсад өрх толгойлсон ганц бие эмэгтэйчүүдийн 30 хувь нь засгийн газрын тэтгэлэгээр амьдардаг аж. Германы ерөнхий статистикийн албаны “Mikro zensus 2009″ хэмээх ажлын баримтаас харвал 2009 онд нялх хүүхэдтэй гэр бүлийн 19 хувь нь өнчирсөн байдаг гэнэ.
Өөрөөр хэлбэл, таван герман хүүхдийн нэг нь өнчин өсч байна. 1996 онд энэ байдал долоод нэг байсан аж. Мэргэжилтнүүд нийгмийн харилцааны хэвийн бус байдлаас хүн амархан ганцаардаж сэтгэл санаагаар унадаг болохыг онцолжээ. Ганцаардал хүний таагүй санаа сэтгэлээс үүдэлтэй аж. Мөн өөрийгөө ганцаардмал хэмээн боддог хүмүүс илүү их ганцаарддагийг эрдэмтэд онцолсон байна.
Түүнчлэн ганцаардмал хүн ердийнхөөс илүү бээрэг, хүйтнийг мэдэрдэг байна. Харин Чикагогийн их сургуулийн судалгааны багийнхан ганцаардал бол нэгэн төрлийн өвчний вирус хэмээжээ. Ингээд эрдэмтэд ганцаардлыг зүрхний өвчин, өөрийгөө хамгаалах чадвар, хэвийн бус нойрсолт гээд мансууруулах бодис хэрэглэх гэх мэт сөрөг үр дагавар авчирдгийг анхааруулсан байна.

No comments:

Онцлох мэдээлэл