Нарны аймгийн эрхсүүдийн дотроос бидэнд хамгийн ойр оршдог нь Сар юм. Сарны бидэнд харагдах талын гуравны хоёр орчим хувийг уул, нуруу эзэлнэ. Тэдгээрийг Альп, Апененин, Кавказ гэх мэт дэлхий дээрх том уул нурууны нэрээр нэрлэдэг. Хамгийн өндөр нь бараг 9 км хүрнэ. Тэнд цагираг хэлбэртэй уул олон байдаг. Хамгийн том нь 235 км голчтой Гримальд юм. Ийм цагирган уулуудын өндөр нь 300 - 7000 м байна. Нүдээр харахад саран дээр бараан хэсгүүд ялгаран харагддаг. Тэдгээрийг дээр үед ус далай бололтой гэж үзээд "Тэнгис" гэж нэрлэжээ. Тэдгээрийг "Саруул тэнгис", "Амгалан тэнгис", "Шуурган тэнгис", "Хурын тэнгис" гэх мэтээр нэрлэж ирсэн уламжлалтай. Тэдгээр нь нам дор газар юм. Сарны өөрийн тэнхлэгээ эргэх хугацаа нь түүний дэлхийг тойрон эргэх хугацаатай адил байдаг тул сарны цаад талын гадарга бидэнд хэзээ ч харагддаггүй. Сарны гадарга дээр бас гүн ан цавууд 500 орчмыг илрүүлээд байгаа. Сарны гадарга 14 хоногийн туршид Наранд ээгдэн +130°С хүртэл халах ба дараа нь 14 хоногийн турш үргэлжлэх шөнийн үед -150°С хүртэл хөрнө. Сар агаар мандалгүй, усгүй тул тэнд цаг агаарын элдэв үзэгдэл болдоггүй. Дууны долгион бас тархдаггүй тул Сар нам гүм эрхэс юм.
Сар агаар мандалгүй тул тэнгэр нь гүн харанхуй байх бөгөөд тэндээс тэнгэрийн од, эрхэс өдөр шөнийн алинд ч харагдана.
Сарны үндсэн үзүүлэлт
• Дэлхийгээс Сар хүртэлх дундаж зай: 384000 км
• Сарны тэргэлийн үзэгдэх өнцгөн диаметр: дунджаар 31'
• Сарны диаметр: 3473 м = 0.27227 дэлхийн диаметр
• Сарны эзлэхүүн: 2193.9 х 107 км3 = 0.020254 дэлхийн эзлэхүүн
• Сарны гадарга: 3.80 х 107 км2 ( дэлхийнхээс 0.0744 дахин бага)
• Сарны масс: дэлхийнхээс 81.56 дахин бага
• Сарны замын дэлхийн замд налсан налуу: 5°8'43"
• Сарны хоногт шилжих дундаж өнцгөн хурд:12.15°
• Сарны хөдөлгөөний дундаж шугаман хурд: 1.02 км/с. Энэ нь ойролцоогоор 2680 км /цаг юм.
• Од - сарын үргэлжлэх дундаж хугацаа: 27.321661 д. н. х. (дундаж нарны хоног)
• Билгийн сарын үргэлжлэх дундаж хугацаа: 29.530588 д.н.х. Энэ нь 29.25 -аас 29.83 хоног хүртэл өөрчлөгдөнө.
• Сарны од - хэмжигдэхүүн: - 12.71т, Тэргэл сарны гэрэлтэц нарныхаас 465000 дахин сулхан байна.
• Астрономийн битүүнээс хойш авч үзэж буй эгшин хүртэл өнгөрсөн хугацааг хоног ба түүний хувиар илэрхийлсэн тоог сарны нас гэнэ.
• Эртний монгол ном зохиолд Сарыг бас дараах нэрүүдээр нэрлэж, бичиж байсан байна. Үүнд: Амьдруулагч, Вигүү, Гаврыг баригч, Гаригийн хүрээт, Гөрөөсөн билэгт, Гөрөөсний хошуу, Даваа, Далайгаас төрсөн, Далайг баясгагч, Далайн шинэ тос, Догшны оройн чимэг, Дорнын тусгал, Дээрх хадаас, Гэгээн төгөлдөр, Нүдэтийг барьсан, Нүдэтийн оройн чандмана, Оддын хүрээт, Оддын эрхэс, Оддын хаан, Оддын эзэн, Өдөр дэлгэрэх цэцгийн (Лянхуа) дайсан, Рашаан гэрэл, Рашаан цацруулагч, Саруул төгөлдөр, Рохинийн эзэн, Сансрыг уйлдэгч, Саран, Сумъяа, Сүүдрийн биет, Сэрүүн болгогч, Сэрүүн гэрэлт, Тачаангуйг үүсгэгч, Тоосны тусгал, Туулай биет, Туулай баригч, Туулайт, Түйтгэгч, Тэнгэрийн дагина, Уснаас төрсөн, Хоёроос төрсөн хаан, Цагаан гэрэлт, Цагаан морьт, Цасны гэрэлт, Шөнийн итгэл, Шөнийн эзэн.
No comments:
Post a Comment