Sunday, December 11, 2011

Их Монгол Улс

Нийгэм, түүхийн үйл явцад сод ухаан, гарамгай үйл хэргээрээ бодит нөлөө үзүүлж, алдар нэр, аугаа үйлсээ тодорхой орон зай, цаг хугацаанд дархалсан суут хүмүүс орон орны түүхнээ олон гарсан байдаг. Тэдгээрийн дотроос даян дэлхийн хэмжээнд нэр нь гарч, даамай их үйлс нь мянган жил улиравч үл бүдгэрэн алдаршсан нь нэн ховор ажгуу. Тийм хүн өөрийгөө төдийгүй, өсч төрсөн нутаг ус, үндэслэж байгуулсан улс орон, үүсгэж төлөвшүүлсэн соёл, түүхээ ч өргөн дэлхийд хамт алдаршуулж, үр хойчис, үндэстэн олныхоо бахархал, дууриалал нь болдог жамтай.

АНУ-даа төдийгүй, дэлхий нийтэд нэр хүндтэй “Вашингтон Пост”сонинд олон түмний санал асуулгад тулгуурлан тодруулснаар, мянганы суут хүн бол Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч суут богд эзэн Чингис хаан болсон билээ. Иймээс ч Монгол Улсын төрөөс Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний хийгээд Их Монгол Улс байгуулагдсаны түүхэн ойг Монгол Улс даяар төр ёсны их баяр болгон тэмдэглэхээр тогтож, түүнийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах бүтцийг бий болгон ажиллуулсан юм.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх талаар Монгол Улсын төр, засгаас гаргасан бодлого, шийдвэр, уриа дуудлага нэгэн улсын хил хязгаараас халин НҮБ-ын хэмжээнд түгэн цууриатсан билээ.
Энэ номын гүн гүнзгий утга, өвөрмөц шинж нь юуны түрүүнд Их Монгол Улс, түүний үндэслэгч эзэн Чингис хааны уугуул нутаг, түүх, соёлыг залгамжлан өвлөж, голомтыг нь бадрааж байгаа эдүгээ цагийн Монгол Улсын Төрийн тэргүүнд нь дэлхийн улс төрийн газрын зураг дээр өнгө өнгийн будгаар ялгаж зааглагдсан их, бага олон улсын Эзэн хаан, Ерөнхийлөгч, Султан, Эмир, Ван, Гүн, Ерөнхий сайд гэхчилэн янз янзаар нэрлэгдэх төр, засгийн тэргүүнүүд хийгээд шашин, соёлын нэрт зүтгэлтэн зэрэг дэлхий нийтэд нэр алдар нь түгээмэл эрхмүүдээс хүндэтгэл үзүүлж захидал ирүүлэхдээ, төрт ёсны олон жилийн түүхтэй монгол түмний дэлхийн соёл иргэншлийн сан хөмрөгт оруулсан хувь нэмэр, туулсан замнал, түүх соёлын өв, түүний дотор эзэн Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг, нөлөөлсөн нөлөөллийг онцлон тэмдэглэсэн явдал юм.
Энэ ном хэвлэгдэн гарснаар “Өөрийгөө сайн мэдье гэвэл өрөөлийн үгийг анхааралтай сонс” гэсэн сургаалыг лавшруулж, өрлөг түүх, өвөг дээдэстэй маань холбогдуулж хэлсэн өөр бусдын үг, саналыг өнөө цагийн өнгө төрхөөр баяжуулан сонсох сайхан боломж Та бидэнд олдож байна. Ялангуяа эзэн Чингис хааныхаа дээд гэрээслэл - Алд биеийн жаргалд ташууралгүй ахуй төр, бүрэн улс, эв нэгдэл, эрх чөлөөт амьдралыг эрхэмлэсэн сургаалийг эндэлгүй сахих ухааны сүвэгчийг уужим болгоход учиг нэмсэн шинэ сэргэг, олон сонирхолтой эргэцүүлэл, сэтгэгдлийг энэ ном агуулж байгааг дэлгэрүүлж нуршилгүйгээр уншигч Таны таалалд толилуулъя.

No comments:

Онцлох мэдээлэл