Thursday, August 19, 2010

1st Land Art Biennial - MONGOLIA 360° “Байгалийн урлаг ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

“Байгалийн урлаг ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийг Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам, “Конрад-Аденаурын сан”-тай хамтран зохион байгуулж, Монголын улстөрийн намуудын төлөөлөл болон урлагийн алдартнууд оролцсон юм. Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй, хүн бүхний анхаарлыг татах болсон нэг асуудал нь байгаль экологийн сүйрэл. Манай орны хувьд экологийн асуудал хурцаар хөндөгдөж эхэлсэн. Судалгаанаас харахад шороон шуурганы хэмжээ 1961 оноос хойш дөрөв дахин нэмэгджээ. Зөвхөн Их нууруудын хотгорт л гэхэд жилийн 126 хоногт нь шууращгай шуурч байгааг тогтоожээ. Цаг агаар ийм тогтворгүй болосн үед байгаль экологийг хамгаалахад улстөрчдийн оролцоо хамгаас их байдаг. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд ч байгаль экологийн асуудлыг хөндөн ярилцсан байна.
Иргэний зориг намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ “Иргэн бүрт эх орны хувь хишиг олгож эхэлсэн нь байгальд учруулсан хохирлын дэргэд өчүүхэн зүйл билээ. Өнөөдөр хүмүүст олгож буй сар бүрийн 10 мянган төгрөг нь маргааш түүнээсээ ч илүү хохирол дагуулахыг таашгүй. Хамгийн ойрын жишээ татахад иргэдэд тараасан мөнгөний “чимээ”-нээр инфляцийн төвшин нэмэгдэх боллоо. Зургадугаар сард 10 гаруй хувьтай байсан инфляци энэ оны төгсгөлөөр 25 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс байгалиа сүйтгэн байж хэдхэн төгрөг авч түүгээрээ эдийн засгаа улам доройтуулсаар байгааг эргэж харахаас аргагүй” гэсэн юм.
Ард олныг байгаль дэлхийгээ хайрлах дадал суулгах, ухааруулахад урлагийн үүрэг улстөрчдөөс дутуугүй учир наймдугаар сарын 16-25-ны өдрүүдэд “Монгол 360 градус” байгалийн урлагийн үзэсгэлэнг гаргаж буй ажээ. Энэхүү байгалийн урлагийн үзэсгэлэн нь манай улсад анх удаа зохиогдож байгаа бөгөөд Монгол орны онцлогийг харуулахаараа онцлог ажээ. Бидний өмнө тулгарч буй шинэ хүндрэл, бэрхшээлүүд биднийг гараг ертөнцтэй болон бие биетэйгээ харилцах харьцаагаа дахин бодох шаардлагатайг сануулдаг. Шинэ харилцаа үүсгэхэд шаардлагатай шинэ орон зайг бий болгоход урлагийн бүтээл онцгой нөлөөтэй. Байгалийн урлаг нь урлагийн ертөнцөд шинээр дэлгэрээд байгаа бодит, тасалдсан, хэлбэр дүрс гаргасан газрын гадарга, уран барилгын гэхээс илүү уран сэтгэмжит, дэлхий дахиныг хамраад байгаа шинэ төрлийн урлаг юм.
Байгаль орчны тогтвортой байдал, байгаль орчинд ээлтэй үзэл, өвөрмөц онцлогийг дүрслэн харуулах шинэ алсын хараа нь эдийн засгийн хүч нөлөөнд улам бүр хумигдаад байгаа энгийн нэг дөрвөлжин цагаан орон зайнаас хальж бүтээлчээр сэтгэхийг шаардаж байна. Байгалийн урлагийн уламжлалд түүхийн шинэ хуудсыг сөхөхийн тулд Монгол орны хэд хэдэн байршилд Монголын Байгалийн урлагийн үзэсгэлэн байгуулагдах юм. Тус үзэсгэлэнгийн зорилго нь өнөөгийн тулгамдаад байгаа асуултуудын талаар байгалийн урлаг бидэнд юуг өгүүлж чадах тухай орчин үеийн тодорхойлолт, хариултыг олохыг зорьсон нээлттэй хэлэлцүүлэг юм. Уран бүтээлчид хоорондоо чөлөөтэй харилцах орон зайг нээж өгөх үүднээс байгалийн урлагийн тодорхойлолтыг ямар нэг байдлаар хязгаарлахгүй байхыг тэд эрхэмлэсэн болно.

No comments: