Saturday, July 19, 2014

Сарны фаз

Сарны аривдал, хомсдол
Нарны туяагаар гэрэлтэн харагдах сарны үзэгдэх хэсгийг сарны фаз гэнэ.
Түүнийг Ф = b / d томъёогоор илэрхийлнэ. d - Сарны дүгрэгийн диаметр, b - гэрэлтэй хэсгийн хамгийн өргөний урт. Тэр нь сарны настай уялдаатай. Сарны насыг астрономийн битүүний эгшнээс хойш авч үзэж буй тухайн агшин хүртэл өнгөрсөн хугацаагаар (хоног ба түүний хувиар) илэрхийлнэ. Астрономийн битүүнд харгалзах сарны фаз ба сарны нас 0.0 байна. Астрономийн битүүн нь Нар, Сар хоёрын солбицол адил болж тохиоход болно. Битүүний дараагаар Сар алгуураар нарнаас холдож харагдах ба ойролцоогоор хоёр хоногийн дараа оройн цагаар тэнгэрийн баруун хэсэгт гүдгэр нь баруун тийш Нар руу харсан хавирга хэлбэртэйгээр харагдаж эхэлнэ. Энэ үед сарны фаз ойролцоогоор 0.10 байна. Сар зүун тийш шилжиж нарнаас холдох тутам сар аривжсаар ойролцоогоор 7 хоногийн дараа нарнаас 90° холдсон байна. Энэ уед сарны фаз Ф=0,5, нас нь В=7,4 хоног болсон байна. Энэ үеэр Сар өдөр ургаж оройн цагаар тэнгэрийн өмнөд хэсэгт хагас дугуй хэлбэртэйгээр харагдах бөгөөд шөнө жаргана. Үүнийг сарны эхний хагас тэргэлшил гэнэ. Астрономийн битүүнээс хойш 14-15 хоногийн дараа Сар Нартай эсрэгтохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй харагдана. Үүнийг Сарны бүтэн тэргэлшил гэнэ. Энэ үед сарны фаз Ф=1,0; нас нь В=14,8 хоног болсон байна. Сар энэ үед Нар шингэх үед ургаж, Нар ургах үеэр шингэнэ. Сар тэргэл болсныхоо дараагаар Наранд баруун талаас нь ойртож харагдах ба хомсдож эхэлнэ. Ойролцоогоор 7 хоногийн дараа сар ба нарны хоорондын өнцөг 90° болж сарны фаз Ф=0,5; нас нь В=22,2 хоног болно. Энэ үед Сар шөнө дундын орчим мандаж Нар ургах үед тэнгэрийн өмнөд хэсэгт орших ба өдөр шингэнэ. Сар гүдгэр нь зүүн тийш харсан хагас дугуй хэлбэртэй харагдана. Үүнийг сарны хоёрдох хагас тэргэлшил гэнэ. Дараагийн өдрүүдэд Нар, Сар хоёр ойртсоор байх ба сарны үзэгдэх хэсэг хомсдсоор байна. Энэ үед Сар Нар мандахаас арай өмнө урган гарч Нар шингэхээс өмнө жаргана. Үүний дараагаар ээлжит астрономийн битүүн болж сарны нас ба сарны фаз 0.0 болно. Үүнийг дээр үеийн ном, зохиолд битүүний шинэтгэл, битүүрэл гэж бас нэрлэж, бичиж байсан байна. Нэг битүүнээс дараагийн битүүн хүртэл үргэлжлэх хугацаа дунджаар 29.5306 өдөр байх ба үүнийг билгийн сар гэнэ. Сар ба дэлхий жигд биш хөдлөх учир билгийн сарын үргэлжлэх хугацаа 29.25 - 29.83 хоногийн хооронд өөрчлөгдөнө.
Сарны нэг ижил фазууд сарны замын янз бүрийн цэгт тохиолдох учир шар замын одны бүх ордуудад ээлж дараалан тохиолдоно. Сар бүрэн битүүрэх ба бүтэн тэргэл болох өдрийг олон оронд цаглабарын сарын эхний өдөр болгон авч ирсэн түүхтэй. Тухайлбал, монголчууд лав л Чингис хааны үеэс сар бүрийн эхний өдрөөр астрономийн битүүн болох өдрийг авч ирсэн байна. Харин жилийн эхлэлээр Хумх (Барс) гэрт Нар оршиж байх үед болох астрономийн битүүний өдрийг авч иржээ. Энэ талаар О.Жамъянгийн Урт өдрийн улиг үг номын 11-р тал, Амарын Монголын товч түүх, Гүүшингаагийн 1874-1924 оны цагтооны бичиг, П. Дугарын Монгол одон зурхайн шастир зэрэг номуудаас үзэж болно.
Сарны фаз солигдох байдал

No comments:

Онцлох мэдээлэл