Sunday, March 14, 2010

Шинэ толь 2002/1, №38

Ж.Золмаа. Сайн дурын ажил-иргэдийн оролцооны нэг хэлбэр
Иргэний нийгмийн онцлог шинж болсон сайн дурын ажлын талаар манайд ямар ойлголттой байгаа, түүнийг хэрхэн дэмжиж, үнэлж цэгнэж буйг дүгнээд иргэдийн оролцоог хөхүүлэн дэмжих төрийн бодлого шаардлагатай болохыг тэмдэглэжээ.



Зохиогч манай оронд сайн дурын ажлыг дэмжих үүднээс ямар арга хэмжээ авч болох талаар саналаа илэрхийлээд, хамгийн гол нь иргэдийн оролцоог бүхэлд нь хөхүүлэн дэмжих таатай орчинг нийгэмд бий болгох нь чухал гэж үзжээ. Иргэдийнхээ чадавхийг нийгмийн тусын тулд ашиглах талаар ардчиллын он удаан жилийн уламжлалтай ХБНГУ хэрхэн анхаардгийг зохиогч мөн нийтлэлдээ тусгажээ.

Йоахим Детьен. Ардчилсан сурган хүмүүжүүлэх ажлын эрмэлзэх зүйл: тунгаан боддог ажиглагч - оролцох чадвартай иргэн - идэвхитэй иргэн
Доктор Йоахим Детьен илтгэлдээ ардчилсан иргэний боловсрол, гэгээрлийн ажлын эрмэлзэх зорилтуудыг тодорхойлжээ. Эхлээд тэрээр ардчилсан нийгэм иргэдээс ямар чадвар, чадамж шаарддагийг тайлбарлаад тэдний улс төрийн оролцооны бодит байдалд дүгнэлт өгөхдөө улс төрийн хувьд идэвхитэй байдаг цөөнхийн нийлэмжтэй оролцоо нь буурч нийлэмжгүй хэлбэрүүд түлхүү хэрэглэгдэх болсныг дурдсан байна. Ардчилал тогтворжсон нөхцөлд сонгуулийн оролцоо доогуур байхыг ардчилал хүнд байдалд орсон, түүнчлэн намын гишүүдийн тоо их байхыг уг тогтолцоо бэхжсэний шинж тэмдэг гэж шууд ойлгож болохгүй. Энд хамгийн гол нь иргэд ардчиллыг ухаарч ойлгосон байх нь чухал гэжээ. Оролцооны талаас нь зохиогч иргэдийг 1/. улс төрийг огт сонирхдоггүй (perfect priүatists), 2/. эргэцүүлэн боддог үзэгч (priүate citizens), 3/. улс төрд оролцох чадвартай иргэд (priүate citizens being ready to interүene), 4/. улс төрд оролцоход бэлэн бөгөөд үүнд нь шаардагдах чадвар бүхий иргэд (public citizens) хэмээн дөрөв ангилжээ. Улс төрийн гэгээрлийн ажлын зорилго улс төрийн үйл явцыг ажиглан эргэцүүлэн боддог иргэнийг төлөвшүүлэхэд оршино хэмээн үзжээ.

М.Болормаа. Эмэгтэйчүүд - улс төрд
Өнөөгийн Монголд өрнөж байгаа улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо болон шийдвэр гаргах түвшинд тэдний эзлэх хувь бага байгаагийн үндсэн шалтгаан болон цаашид амжилтанд хүрэх арга замуудын талаар бичсэн. Мөн олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд улс төрийн эрхийнхээ төлөө хэрхэн яаж тэмцэж байсан, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн Монгол улсад хэрхэн хөгжиж ирсэн түүхэн баримтуудыг дурдсан байна.

Д.Баярхүү. Евразийн геополитик, олон улсын харилцаа: одоо ба ирээдүй
Монгол Улс бол газар зүйн хувьд Азийн цээжинд байрласан, далайд гарцгүй, эх газрын орон бөгөөд түүхэн хувь заяагаар Орос, Хятад гэсэн хоёр хөрштэй хиллэж ирсэн. Газар зүй, геополитикийн үүднээс авч үзвэл Монгол нь Зүүн хойд Ази, Төв Азийн аль алинд хамаарч болохоор нутаг дэвсгэртэй, түүхнээ судлаачид, газар зүйчид Монголыг аль алинд нь оруулж тооцож ирсэн. Соёл иргэншил талаас нь авч үзвэл гурван соёл иргэншлийн зааг дээр оршиж ирснээрээ онцлогтой. Хойгуураа христосын ортодокс-үнэн алдартны шашин бүхий Оростой, өмнүүрээ Күнзийн сургааль бүхий Хятадтай, баруугаараа Казахстан болон Төвийн Азийн бусад улсуудтай дөхүү байршилтай ба мөн лалын шашинт нэг аймагтайн хувьд лалын хөрштэй гэж үзэж болно. Иймд газар зүй-геополитикийн хувьд Монгол шиг ийм сонин байршилтай, тэгсэн хэрнээ нүүдлийн аж төрөлтэй, буддист орон дэлхийд өөр байхгүй. Монголыг сонирхох гадныхны сонирхол ч ихэвчлэн үүгээр нөхцөлдсөн байдаг.

Н.Мөнхцэцэг. Эрдэнэ жинон ван Ц.Ширнэндамдингийн улс төр, тусгаар тогтнолын талаарх үйл ажиллагаа
Эрдэнэ Жинон ван Ц.Ширнэндамдин нь ХХ зууны эхэн үеийн Монголын улс төийн амьдралд идэвхтэй оролцож, монголын төрийн тусгаар тогтнолыг хөрш орнуудаар зөвшөөрүүлэхийн төлөө хүчин зүтгэж явсан улс төрийн хувьд боловсорсон, туршлагатай дипломатч хүн байв. Тухайлбал, 1912 онд Монгол улсын засгийн газраас Хаант Орост албан ёсны айлчлал хийхэд төлөөлөгчөөр оролцон, 1915 онд Орос Хятадын хуйвалдааны дүнд 3 улсын гэрээ байгуулахад хүрэхэд Монголын улсын бүрэн эрх барих элчин төлөөлөгчөөр оролцож байжээ. Ардын хувьсгалын ялалтын бэлтгэл хийгээд үр дүнд ялангуяа, гадаад бодлогын асуудлаар Хятадын Бээжин хотноо удаа дараа очиж Чжан Цзолин, Карахан зэрэг тухайн үеийн томоохон улс төрчидтэй уулзаж, Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, нийт монгол үндэстнийг нэгтгэх туйлын зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө үнэн зүтгэж явсан нэгэн байлаа.

Ц.Оюунчимэг. Иргэний эрх зүй дэх хугацаа
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч-иргэн, хуулийн этгээд хууль буюу гэрээгээр тогтоосон хугацаанд эрх үүргээ биелүүлэх нь цаг хугацааны хувьд иргэний эрх зүйн харилцааны тогтвортой, тодорхой байдлыг хангах, улмаар хугацаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгох агшинг тогтоох зайлшгүй шаардлагатай юм. Чухамхүү энэ зорилгоор иргэний эрх зүйн харилцаанд хугацааны категор ашиглагдана. Ер нь эрх зүйн харилцаанд хугацаа үйлчлэхийн ач холбогдлыг товчхонд нь дүгнэхэд эрх зүйг хэрэглэх эрх бүхий этгээдүүдийг сахилга батжуулах, эрх зүйг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээдүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэнэ.

No comments:

Онцлох мэдээлэл