Friday, July 18, 2014

Малайзын MH17 онгоцыг 12 секундэд сөнөөжээ

Уг техник хэрэгслийг хуучин ЗХУ 1970-д оноос зохион бүтээх ажил эхэлж 1980 онд ЗХУ-ын цэрэг армид хэрэглэж ирсэн бөгөөд өөрөө явагч, дунд ангиллын газар-агаарын пуужин хөөргөх систем юм. Далавчит пуужин, ухаалаг тэсрэх бөмбөг, тогтмол эргэлтэт далавчтай агаарын хөлөг, автомат хөдөлгүүртэй радио антен бүхий тээвэрлэгч хэрэгсэл зэргийг устгах зориулалттай аж. “Buk” гэдэг нь Оросоор эвэрлэг мод гэсэн утгатай юм.
Хамгийн анхны хувилбарыг Buk 9K37 пуужин харвах систем, SA-11 пуужингийн хамт гаргаж байсан тухай АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлж байсан юм. Энэхүү загварыг практикт хэрэглэж эхэлснээс хойш байнга сайжруулан боловсруулсаар ирсэн байна. Хамгийн сүүлд Buk-М1-2, Buk-М2 гэсэн шинэ систем , SA-17 загварын пуужинг нэвтрүүлээд байгаа тухай НАТО илтгэлдээ дурьджээ. Түүнчлэн Buk-М3 шинэ загварыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байжээ.
Газар-агаарын ангиллын пуужин харвах систем нь ойролцоогоор 23 мянган метрийн өндөрт нисэж яваа биетийг устгах хүчин чадалтай аж. Тусгай радарын тусламжтайгаар байг тооцоолох ба бүрэн устгах магадлал 90-95 хувьтай гэнэ. Энэхүү газар-агаарын ангиллын пуужин харвах системийг ОХУ, Украин, Сири, Хойд Солонгос, Хятад зэрэг улсууд цэрэг армийн үйл ажиллагаандаа өргөнөөр ашигладаг байна.
Buk буюу газар-агаарын ангиллын пуужин харвах систем
Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777-200ER онгоцны тухай
Энэхүү онгоцыг АНУ-д үйлдвэрлэсэн бөгөөд туршилтын нислэгээ 1994 оны зургаадугаар сард хийж улмаар жилийн дараагаас үйлдвэрлэлд шилжиж байжээ. Боинг-777 онгоцны анхны худалдан авагчдын нэг нь Арабын Нэгдсэн Эмират улс байсан гэнэ.
2014 оны байдлаар нийт 1212 ширхэг үйлдвэрлэгдэж дэлхийн нэр хүндтэй авиа компаниуд болох Лондон, Амстердам, Япон, Сингапур, Малайз, Канад зэрэг иргэний агаарын тээврийн компаниуд нислэгээ Боинг онгоцоор үйлдэж байна. Онгоцны нэг бүрийн үнэ 261.5 сая ам.долларын үнэтэй ажээ. “Malaysia Airlines” компанийн удирдлагуудын зүгээс энэ удаагийн сүйрэлд онгоцны техник үзүүлэлттэй холбогдсон ямар нэгэн асуудал байгаагүй гэдгийг баталж байгаа юм.
Buk газар-агаарын ангиллын пуужин харвах систем Малайзын онгоцыг сөнөөсөн үү?
Шинжээчдийн тайлбарлаж буйгаар Малайзын онгоцыг гурван хагас идэвхжил бүхий 9M28M1 дунд ангиллын SA-11 пуужингаар сөнөөсөн гэх таамаглал дэвшүүлсэн тухай “dailymail.co.uk” сайтад дурьджээ. Пуужин тус бүр 685-715 килограммын жинтэй бөгөөд пуужингийн толгой хэсэгт нийт 70 килограмм орчим тэсрэх бодис агуулагдаж байдаг гэнэ.
“Buk” газар-агаарын ангиллын пуужин харвах системийг байлдаанд бэлдэхэд ердөө тавхан минутыг зарцуулдаг бол дахин цэнэглэхэд 12 минут, зорилтот байндаа хүрэхэд 8-12 секунд л шаардлагатай ажээ.
Эдгээр пуужингууд нь байнаас 20 метрийн зайд дэлбэрч онгоцны хөдөлгүүр, хяналтын системд бүрэн хохирол үзүүлэх чадвартай ажээ. Улмаар дэлбэрэлт шатахууны хэсэгт хүрснээр онгоцны далавч болон их бие сүйрэх үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Түүнчлэн пуужингийн дотор өөр өөр цэнэг бүхий тэсрэх бодис агуулагдаж байсан хэмээн Америкийн батлан хамгаалах яамны эх сурвалжууд мэдээлжээ.
Ийнхүү 10 мянган метрийн өндөрт нисэж явсан 298 зорчигч бүхий Малайзын онгоцыг 12 секундын дотор пуужин харван сөнөөсөн тухай эх сурвалжууд онцолжээ. Гэсэн хэдий ч энэхүү пуужинг хэн, ямар зорилгоор энгийн иргэдийн сууж явсан онгоц руу илгээсэн шалтгаан тодорхойгүй хэвээр байна.

No comments:

Онцлох мэдээлэл