Friday, February 26, 2016

Үүнийг ганцхан хүн чаддаг. Гэхдээ тэр нь орос хүн биш

Bat Erdene Udval was born in Mongolia and received his education in Perm Ballet School in Russia. After the graduation he joined the Russian State Ballet in Moscow. As a principal dancer with the Russian State Ballet, Mr. Udval performed almost all major roles and toured internationally about 40 countries . Before leaving Russia he received Silver medal in Moscow International Ballet competition 1993.
Товч танилцуулга
  • 1989 онд Пөрмийн балөтын сургууль төгссөн
  • 1989-1992 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан
  • 1992-1999 онд Москвагийн "Русский балет"-ын дээд гоцлооч
  • 1999-2000 онд Клеверланд сан "Жосе балет"-ын дээд гоцлооч
  • 2000-2008 онд Москвагийн "Русский балет" болон Америкийн балетын компаниудын урилгаар гоцлон бүжиглэсэн.
Шагналууд:
  • 1988 онд ОХУ-ын Перм хотод болсон "Арабеск" тэмцээнд үзэгчдийн нэрэмжит шагнал
  • 1989 онд Токио хотод болсон Ази Номхон далайн орнуудын тэмцээний гуравдугаар байр, хүрэл медаль
  • 1989 онд Москва хотод болсон олон улсын балетын VI тэмцээнд "Орчин үеийн бүжгийн шилдэг бүжигчин"
  • 1992 онд Варна хотод болсон олон улсын балетын тэмцээний финалист
  • 1993 онд Москва хотод болсон олон улсын VII тэмцээний хоёрдугаар байр, мөнгөн медаль
  • 1994 онд Солонгос улсын Кванг жу хотод болсон олон улсын балетын фестивалийн шилдэг бүжигчин.
Түүнийг тодорхойлох түүх
  • Сонгодог балетын бараг бүх гол дүрд тоглосноос гадна олон модерн балет болон Ролан Пети, Жорж Баланчин, Жером Роббинс нарын балетад гоцолж байсан.
  • "Русский балет" театрт бүжиглэж байх хугацаандаа 40 гаруй улсаар аялан тоглолт хийсэн.
  • Их театр буюу Кремлийн ордонд зохион байгуулсан олон улсын алдарт бүжигчид болох Владимир Васильев, Екатерина Максимова, Ольга Лепешинская, Махмуд Исамбаев нарт зориулсан тоглолтод уригдан оролцсон.
  • 1998 онд Энэтхэгт болсон ОХУ-ын соёлын өдрүүдийн хаалтын тоглолтод уригдан "Дон Кихот" балетын хэсгээс бүжиглэснээс гадна хаад, ноёд, ерөнхийлөгч нарт зориулсан тоглолтуудад оролцож байсан.
  • 1993-1999 онд Москва хотод ажиллаж байх хугацаанд "Русский балет"-тай хамтран ОХУ- ын Их театр, Грекийн Афин хотын "Диониса" задгай театр, Лондон хотын "Говен гарден", Эзэн хааны театр, Ромын "Колизей" задгай театр, Миланы "Ла Скала" театр, Берлин хотын Фридрих Штаат ордон, Австралийн Сиднейн дуурийн театр, Мексик хотын "Белас артес" зэрэг театрт "Дон Кихот", "Цөмөөхэй", "Хунт нуур" балетад тоглож, гала тоглолтод оролцсон.
Дүрүүд:
  • Л.Минкус "Дон Кихот" балетын Базиль.
  • П.И.Чайковский "Хунт нуур" балетын Зигфрид
  • Л.Минкус "Баядерка" Солор цэргийн жанжин
  • А.Адан "Жизель" Альберт
  • П.И.Чайковский "Цөмөөхэй" Ханхүү
  • П.И.Чайковский "Нойрссон гүнж" Дезире ханхүү
  • Ж.Бизе, Р.Щедрин ""Кармен Сюит" Хозе
  • Ц.Пуни "Эсмеральда" Акеон
  • "Зуны шөнийн зүүд" Оберон
  • С.Прокофьев "Ромео Жульетта" Меркуцио
Удвалын Бат-Эрдэнэ. Тэр бол монголчуудын сайн танихгүй, харин оросуудын дунд цахиур хагалж, шилдгүүдийнх нь тоонд багтаж явсан Монголын балетын жүжигчин. 1989 онд Пермийн балетын сургуулийг дүүргэж эх орондоо хоёр жил гаруй ажиллаад л ОХУ руу явчихсан болохоор хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй.
Гэхдээ мэргэжлийн бүжигчид, түүний үеийнхэн У.Бат-Эрдэнийг андахгүй, бас ур чадварыг нь ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Эдгээр үгсийг сэтгэл хөөрлөөр бичсэнгүй ээ. ДБЭТ-ын тайзнаа хамт ажиллаж байсан, мөн түүнтэй Пермийн балетын сургуулийг дүүргэсэн олон ч хүн түүний тухай ярихыг хүссэн гэдгийг энд дурдах нь зүй.
ДБЭТ энэ жил Л.Минкусын “Дон Кихот” балетыг шинэчлэн тоглуулахаар болж, түүнийг эх орондоо урьсан юм. Гэвч гурван долоо хоногийн ажлаа зохицуулж, эх орондоо ирэхээр яарсан түүний хүсэл ирэх аравдугаар сар болтол биелэхгүй нь.
Гуравдугаар сард тоглохоор төлөвлөсөн “Дон Кихот” балетын хувцас, тайз бэлэн болоогүй учраас ийн хойшлуулжээ. Одоо тэрбээр АНУ-ын Вашингтоны Киров балетын академид багшилдаг.
-Та одоо АНУ-ын аль хотод амьдарч байгаа вэ?
-Анаполис хотод амьдарч байна. Ажил маань Вашингтонд. 40 орчим км явж хүрдэг.
-Таныг хоёрдугаар сарын 28-нд ирэхээр уулзаж байгаад ярилцъя гэж бодож байтал тоглолт хойшилчихлоо.
-Тийм ээ. Театрын боломж, нөхцөл тийм байгаа болохоор яалтай билээ. Аравдугаар сард “Дон Кихот”-ыг тоглох юм байна.
-Та ДБЭТ-т эргэж ирээгүй хэр удаж байна вэ?
-Би 1992 онд ОХУ явсан. Хоёр жилийн дараа 1994 онд ээждээ золгохоор Монголд ирээд байхдаа “Цэнхэр нүдэн бүсгүй” балетад бүжиглэсэн. Манай балет ангийн дарга байсан Намнанбаяр намайг бүжиглээд яваач гэсэн санал тавьснаар хоёр хоног бэлдээд л тайзан дээр гарсан.
-Түүнээс хойш театраас танд урилга өгч байгаагүй гэж үү. Эсвэл та Монголд ирээгүй удсан юм уу?
-Байнга ирж, очоод байж чаддаггүй ээ. Хамгийн сүүлд 2007 онд хуримаа хийх гэж ирсэн. Тэгэхэд ээж минь “Чамайг Монголдоо бүжиглээд явж болдоггүй юм байх даа гэж олон хүн асуух юм” гэж ярьсан. Олон хүн биш, ээж минь тэгж их хүссэн байх л даа. Тэгээд би дүүгээ ДБЭТ рүү явуулж, уулзуулсан юм.
Гэтэл надад түрээсийн 1000 доллараа төлөөд, өөрөө тасалбараа борлуулаад тоглож болно гэсэн хариу өгсөн. Тэр үед надад тэгж гуйж тоглолт хийх хүсэл байгаагүй.
1000 доллартаа ч биш, Москва намайг Америкаас урьж ажиллуулж байхад Монголын театр түрээс нэхсэнд дургүй хүрсэн. Тэгээд ч надад Монголд ирэхдээ тоглолт хийж мөнгө олъё, бизнес хийе гэсэн санаа төрдөггүй.
-Мэдээж шүү дээ. Эх орноо гэсэн сэтгэлээр ажлаа хойш тавиад ирдэг байх. Энэ удаа ч адилхан болов уу.
-Тийм ээ. Би Монголынхоо театрыг ямар байгааг мэднэ. Улсын төсөвтэй театр шүү дээ. Би ашиг олох гэж огтхон ч бодоогүй ээ. Зүгээр л мэдсэн сурснаа, үзэж харснаа дараа дараагийн үеийн залуу бүжигчдэдээ хэлье л гэж зорьж байгаа.
-Энэ удаа “Дон Кихот”-ыг хэний хувилбараар Монголд тоглуулах вэ?
-Александр Горскийн 1990 онд тавьсан хувилбараар тоглуулна. Эх хувиар нь тоглуулах нь сайхан шүү дээ. Мариинскийгаас бусад Оросын бүх театр энэ хувилбараар тоглодог. Хамгийн баялаг, гоё хувилбар нь энэ.
Одоо Монголд тоглож байгаа хувилбарт дутагдалтай зүйл олон. Цыганы хэсэг, зүүдний үзэгдэл зэрэг маш олон бүжиг байхгүй.
-Таныг их олон тэмцээнээс шагнал хүртэж байсныг мэргэжил нэгтнүүдээс тань сонссон. Гэхдээ монголчууд маань төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь харамсалтай.
-Янз бүрийн тэмцээнд оролцож байсан ч дэлхийн хамгийн том тэмцээн болох Москвад болдог олон улсын балетын тэмцээний мөнгөн медаль хүртэж байснаа л ярих дуртай.
Бусад нь яах вэ. Манайхан олон улсын гэсэн тэмцээн болгоныг сайн гэж боддог ч мэргэжлийн бүжигчид Москва, Варнагийн тэмцээний ямрыг мэднэ ээ.
-Та нэлээн хожуу соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртэж байсан. Тухайн үед манай соёлын салбарыг хариуцсан төрийн байгууллага мэдээгүй л байх нь дээ.
-Тэр үед Москвагийн тэмцээн оросын телевизээр шууд гарч, манай ээж бас үзсэн байдаг. Харамсалтай нь, Соёлын яамныхан мэдээгүй сууж байсан гэсэн. Тэр бол монголчуудын цор ганц медаль.
Өмнө нь ч тэр тэмцээнээс шагнал аваагүй, дараа нь ч хүртээгүй. Гэхдээ би ийм, тийм шагналд сэтгэл хорогдож, авчих юмсан гэж бодож, шунадаггүй юм.
Тэр ч бүү хэл 1998 онд намайг ОХУ-ын гавьяат жүжигчинд тодорхойлоод арванхоёрдугаар сард шинэ жилийн баярын үеэр гардуулах гэж байхад нь би Америк руу явчихсан.
-“Русский балет” гэхээр алдарт В.М.Гордеевийн тухай ярина. Тэр театрын дээд гоцлооч нь та. Бас Их театрт ажиллах санал ч авч байсан гэсэн.
-Гордеев бол дэлхийн од. Энэ хүн 1994-1995 онд Их театрын уран сайхны удирдагчаар давхар ажиллаж байсан юм. Тэр үед намайг Их театрт ажилла гэхээр нь татгалзсан. Хүн өөрийнхөө байрыг мэдэрдэг байх хэрэгтэй.
Гардиевийн театрын бүжигчин болохоор ямар замаар Их театрт орсон нь ойлгомжтой болно. Гэхдээ Их театрт би бүжиглэсэн. Олон ч гала тоглолтод оролцсон.

-Та хамгийн сүүлд хэдэн настайдаа бүжиглэсэн бэ?
-39 хүрээд больсон. “Русский балет”-тай Европын орнуудаар аялан тоглоод сүүлчийн тоглолтынхоо дараа л ахиж бүжиглэхгүй гэж шийдсэн.
Биеийн форм байсан ч 40 хүрч байгаа хүн 18 настай залуугийн дүрд бүжиглэх, бас төдий настай охидтой хослон тоглох ямар харагдах билээ гэж бодсон. Танагтай байгаа дээрээ болъё, муугаа үзүүлэхгүй гээд л больсон.
-Таны эхнэр бас балетын жүжигчин гэсэн үү?
-Тийм ээ. Охиноо төрүүлснээсээ хойш бүжиглэхээ больчихлоо. Бид хамтдаа “Дон Кихот”, “Цөмөөхэй”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Нойрссон гүнж”-ид тоглосон. Би 1998 онд Америкт ирээд байтал 2003 онд Гардиев надад дахин санал тавьснаар 2008 он хүртэл би тэдний театртай хамтран аялан тоглосон.
Тэр үед буюу 2004 онд гэргийтэйгээ танилцсан юм. Эхнэрийг маань Евгения Сингүр, охиныг минь Милана гэдэг.
-Жаахан хүү гэр бүлээ, ээжийгээ орхиод гадаадад балетын жүжигчин болохоор явахдаа юу бодож байсан бэ?
-Би балетчин болохыг огт хүсээгүй. Дургүй байсан. Миний ээж Цэргийн ансамблийн бүжигчин хүн шүү дээ. Г.Удвал гэдэг. Ээж минь хүчээр л явуулсан даа.
-Тэгвэл балет таныг аажмаар өөртөө дурлуулжээ?
-Балет хэцүү урлаг. Очоод л палкан дээр буруу харж зогсоод эхэлж байгаа юм. Нэг хөдөлгөөнөө бараг 30 минут барина. Нэгдүгээр байрлалаар зогсоод л эхэлсэн. Их залхуутай, дургүй хүрмээр санагдаж байсан ч сургуулийнхаа танхимд “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг үзээд л дурлаж эхэлсэн.
-Харин одоо бүр багш болсон. Таны шавь нар ямар амжилттай ажиллаж байгаа вэ?
-Миний шавь нараас Хьюстон балет, Питсбург, Голландын үндэсний балетын театрт ажилладаг. Америкийн дунд, жижиг хэмжээний театруудад ч ажиллаж байгаа.
-“Бостон балет” компанид ажилладаг монгол бүжигчин Д.Алтанхуягтай та уулзаж байсан уу. Одоо бол Монголын балетын урлагийн нэрийн хуудас нь энэ залуу болж яваа.
-Уулзаж байгаагүй. Бид насны хувьд хол зөрүүтэй. Намайг бараг Монголоос явж байхад ХБК-д сурч байсан юм болов уу. Гэхдээ би түүний хийж байгаа зүйлийг хүндэтгэдэг. Өвдөг хүртлээ тонгойж мэхийн ёсолмоор ч санагддаг.
Харин UBS телевизээр “Night of ballet” тоглолтыг үзээд, түүнийг япон бүжигчинтэй хамт “Дон Кихот” бүжиглэхийг хараад сэтгэл дундуур байсан. Магадгүй би их зүйл хүлээж үзсэн ч байж болно. Миний юу яриад буйг мэргэжлийн хүмүүс ойлгож байгаа байх. Хамгийн хялбар хувилбарыг тааруу хийсэн.
Монголын балетын урлагийн нүүр царай гэж нэрлэгдэж байгаа бол хариуцлага өндөр байх хэрэгтэй. Муу байх эрхгүй. Нэг тоглолтоор хүнийг дүгнэж байгаадаа биш л дээ.
Тэр тусмаа эх орондоо “Бостон балет”-ынхныг уриад бүжиглүүлж байгаа л бол хайрладаг үзэгчдээ хүндэтгээд сүүлчийн удаа бүжиглэж байгаа юм шиг л хийх хэрэгтэй. Айхтар муутгаж ярилаа гэж бодолгүй, шүүмжлэлийг хүлээн авч, дараа жил ирэхдээ илүү сайн бүжиглээсэй гэж хүсэж байна.
-Сүүлчийн удаа бүжиглэж буй юм шиг гэдэг зүйрлэл их танил сонсогдож байна аа.
-Манай багш нар дандаа тэгж хэлдэг байсан. Хүн хэзээ сүүлчийн удаа бүжиглэхээ мэдэхгүй. Гэмтэл аваад дахиад тайзан дээр гарахгүй ч байж магадгүй. Гардиев надад “Нэр чинь томрох тусмаа муу бүжиглэх эрхгүй болдог” гэж хэлдэг байсан.
Монголын балетын нүүр царай болсон бүжигчин “Бостон балет”-д ч тод од байх ёстой. Хоёрдугаар гоцлооч биш шүү. Тэр чинь нийтийн бүжгийн дараагийнх нь ангилал шүү дээ.
-Театрын хөшигний ар дахь өрсөлдөөн, бараг нууц дайны хэмжээнд байдаг байх аа?
-Монголын театрт би хоёр жил гаруй ажилласан, тийм зүйл мэдэрч байгаагүй. Харин Орост өрсөлдөөн ихтэй. Гэхдээ айхтар хорон муу санаа гаргаж нэгнийгээ хорлож байсныг бол мэдэхгүй. Мэдээж ар, өврөөр хүмүүс янз бүрээр л ярина. Тэр болгонд ач холбогдол өгөх шаардлагагүй.
Би чинь насаараа төмөр хөлтэй бүжиглэсэн хүн. 1993 онд гэмтээд хөлтэйгээ үлдэхийн тулд шилбээ төмрөөр солиулсан. Тэр үед бүжиглэх тухай зүүдлээ ч үгүй. Эмч нар ч боломжгүй гэсэн. Зүгээр л хөлгүй болохгүйн тулд эмчлүүлсэн.
Зургаан цагийн турш хагалгаа хийлгэж, зургаан сар хэвтэрт байж байгаад хүүхэд шиг л хөлд орсон. Явж чаддаг болсон хойноо яаж зүгээр байх вэ, зааландаа очиж бэлтгэл хийсэн. Шилбэний ясны минь оронд 12 хадаастай төмөр бий.
Тэгж солиуллаа гээд өвчин намдаагүй. Гэсэн ч бүжиглэсэн. Ийм юм давсан хүн болохоор тэр ялих шалихгүй зүйлсийг үнэндээ тоодоггүй.
Би бүжиглэж байх үедээ хөлөө өвддөг тухай хэнд ч хэлж байгаагүй. Надад ямар нэгэн алдаа гаргасан үедээ өөрийгөө аврах гэж шалтаг хэлж байгаа юм шиг санагдаад байсан болохоор тэр. Би тэгж шалтаг хэлдэг хүмүүст дургүй. Харин одоо бол ярьдаг. Надад тэр үед бүжиглэх нь тамд очоод ирэх шиг л болдог байсан.
-Домог болсон олон алдартны тоглолтод оролцож байсан. Бас Монгол бүжигчин ОХУ-ын тэр өрсөлдөөн дундаас ялгарсан болохоор магтаалын сайхан үгс олныг л сонссон байх. Онцлох нэгийг нь эргэн сануулаач гэвэл та юу гэх бол?
-Одоо тэрийг ярих ч хаашаа юм бэ дээ... Владимир Васильевийн тайлан тоглолтод оролцож, тайзан дээр бүх л алдартай бүжигчин цуглан дасгал хийсэн. Бүжгийн дасгалын хөдөлгөөнөөр найруулсан тоглолт л доо. Зааланд яаж дасгал хийдэг түүнийгээ үзүүлсэн. Тэгэхэд Владимир Васильев бүх бүжигчнээс “Энэ трюкийг хийж үзүүлэх хүн байна уу” гэж асуусан.
Тэгээд намайг нэг хийгээд үзээч гэхээр нь би үзүүлсэн. Дараа нь “Үүнийг ганцхан хүн чаддаг. Гэхдээ тэр нь орос хүн биш” гэж хэлж байсан. 1992 онд болсон тэр тоглолтоос намайг Москвагийнхан мэддэг болсон.
Анх “Русский балет”-тай гэрээ байгуулаад нэгдүгээр зэргийн жүжигчин боллоо гэхээр хэрэндээ баярлаж байсан ч тэр нь массын бүжигчин байсан. Нэг, хоёр, дээд шат, мастер гэсэн дараалалтай байдаг.
Тэнд очоод хамгийн анх “Хунт нуур” тоглоход поднус бариад ханхүүд дарс өгч байлаа. Оросууд балетын удамтай. Тиймдээ ч ямар балетын аль дүрд ямархуу төрхтэй хүн тоглохыг тогтоож, заасан байдаг. Ази царайтай хүнд бараг л боломж байхгүй.
Үндэсний үзэлтэй хүмүүс. Гэсэн ч би зургаан сарын дараагаас гоцлооч болж, Австрали руу аялан тоглолт хийсэн. Улмаар премьер болсон доо.
Монголын балетын урлагийн жинхэнэ од нь Бат-Эрдэнэ гэдгийг цөөн хүрээнийхэн л мэддэг нь харамсалтай. Төмөр хөл дээр 10 гаруй жил маш амжилттай бүжиглэж, тэр их өвдөлтийн ард гарсан гэхээр бүр ч биширмээр. Түүний амилуулах “Дон Кихот”-ыг аравдугаар сар хүртэл хүлээх нь. Гэхдээ л тэр ГЭРТЭЭ ЭРГЭЭД ИРНЭ.

Ж.СОЛОНГО


1994 my only performance in my hometown Ulaan Baatar Mongolia . Sorry the choreography is not what it should be but this was only time I performed in Mongolia since I left my country ! So I had to do this way !
Posted by Bat Erdene Udval on Friday, January 1, 2016

I did post Don Q variation earlier . Here is the coda . I was dancing with metal plate and 12 screws on my left sheen . So don't be too hard on me :)
Posted by Bat Erdene Udval on Wednesday, October 14, 2015

No comments:

Онцлох мэдээлэл