Friday, August 8, 2014

YAHOO компани сэхэх үү, мөхөх үү

АНУ-ын Станфордын (Stanford) Их Сургуулийн электрон инженерийн докторын ангийн найзууд болох Жэрри Яанг (Jerry Yang) болон Давид Фило (David Filo) нар 1994 оны нэгдүгээр сард "Jerry and David's Guide to the World Wide Web" буюу “Жэрри болон Давидын Интернет хөтөч” хэмээх анхны шатласан зохион байгуулалттай хайлт болон интернэт хуудасны лавлагаа бүхий вэбсайт бүтээжээ.
Удалгүй тус сайтынхаа нэрийг “YAHOO” хэмээн өөрчлөн “www.yahoo.com”-г ажиллуулж эхэлсэнээр үндэстэн дамнасан томоохон компанийн түүх эхэлсэн байна. Жэрри Яанг (Jerry Yang) нь Тайваны Тайпей хотод төрсөн ба 10 настайдаа АНУ-д өөрийн төрсөн эх болон дүүгийн хамт цагаачлан ирсэн бол Давид Филогийн (David Filo) хувьд АНУ-ын Висконсин мужид төрсөн.
Хоёр найз “Yahoo”-г байгуулсантай холбоотойгоор докторын сургуулиа орхисон ба энэ үед интернэт хайлтын олон төрлийн вебсайтууд зэрэг мэндэлж байсан тул тэднээс ялгарах, шинэлэг, дэвшилтэд технологи хэрэглэн, шургуу өрсөлдөх зайлшгүй шаардлага тулгарчээ.
1994 оны сүүлч гэхэд “www.yahoo.com” веб сайтад нэг сая орчим хандалт хийгдсэнд найзууд ихэд урамшсан ба 1995 онд цахиурын хөндий (Silicon Valley) дэх алдарт хөрөнгө оруулагч Michael Moritz –тай тохиролцож чадсанаар тэд анхны гурван сая долларын томоохон хөрөнгө оруулалтыг олсон байна.
1996 оны дөрөвдүгээр сарын 12-ний өдөр тэд хувьцаагаа зах зээлд анхлан гаргасан ба тухайн өдөр нэгж хувьцааны үнэ нь 33 ам.доллар хүртэл буюу 270 хувь өсөн хаагдсан нь тэдэнд ихээхэн хөрөнгө оруулалтыг богино хугацаанд өгсөн аж.
Нэгэн цаг үед гараанаас хамт гарсан “MSN”, “Lycos”, “Excite” зэрэг хайлтын системүүдээс ялгарахын тулд тэд олон төрлийн үйлчилгээг богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлага тулгарч байв. Үүний тулд тэд 1997 онд “Four11” компанийн “Rocketmail” цахим шууданг (email) худалдан авсанаар “Yahoo Mail” цахим шуудангийн эхлэл тавигдсан юм.
Тэр жилдээ тэд “ClassicGames.com”–ыг худалдан авч “Yahoo Games” –ийг эхлүүлсэн бөгөөд 1998 он гэхэд тэд дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй хайлтын систем болж чадсан байлаа. Энэ мэтчилэн тасралтгүй олон жижиг компанийг худалдан авч үйл ажиллагаа, үйлчилгээгээ өргөтгөсөөр байсан ба тэдний 2000 онд худалдан авсан “eGroups” компани нь “Yahoo Groups” болон “Yahoo Messenger” үйлчилгээний эхлэл болсон.
1997 – 2001 оны хооронд АНУ-ын хувьцааны зах зээлд “dot-com bubble” буюу интернэт болон технологийн компаниудын хувьцааны үнийн хөөсрөлт бий болсон юм. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн компаниудын ирээдүйд итгэн, хөрөнгө оруулах сонирхол асар ихээр нэмэгдсэнээр хувьцааны зах зээлд бодит байдлаас давсан өндөр үнүүд хөөсөрч бий болсон. Энэ үйл явдал “Yahoo” компанийг тойрч өнгөрөөгүй ба энэхүү хөөсрөлтийн ид үед буюу 2000 оны нэгдүгээр сарын 3-нд тэдний хувьцааны нэг бүрийн үнэ 118.75 ам.доллар хүрч байсан бол хөөс задрах үе буюу 2001 оны есдүгээр сарын 26-нд 8.11 ам доллар болж хамгийн бага хэмжээндээ хүртэл буурч байжээ. (График1)
“Yahoo”компанийн хувьцаа 1991 оны хоёрдугаар сараас 2002 оны долдугаар сарын хооронд“Dot-com bubble” буюу технологийн компаниудын хувьцааны хөөсрөлтийн задралтын үеийг багагүй хохиролтой давсан ч үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр цаг алдалгүй ажилласаар байсан юм.
Харин 2005 онд Хятадын “alibaba.com” онлайн худалдааны вебсайтын 40 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авсан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байжээ.
Өөрсдийн хүчтэй өрсөлдөгч “Google”-д зах зээлээ бага багаар алдан, компанийн санхүү болон дотоод уур амьсгал сайнгүй болж өөрчлөгдөж эхэлсэн цаг үе буюу 2005 оноос эхлэн технологийн аварга компаниудын нэг болох “Microsoft” тэдэнд худалдан авах буюу компаниа нэгтгэх санал тавьж эхэлжээ.
Энэхүү удаа дараагийн санал амжилтанд хүрэхгүй явсаар 2008 онтой золгоход “Microsoft” тэдэнд хамгийн өндөр буюу 44.6 тэрбум ам.доллар (нэг бүрийн хувьцааны үнэ 33 ам доллар байхаар) санал тавьсан ба үүнд тухайн үеийн компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Жэрри Яанг (Jerry Yang) татгалзсан хариу өгч байжээ. Энэхүү татгалзлаас хойш “Yahoo” компанийн хувьцааны үнэ ахин хүчтэй унан, алдагдал хүлээсэн юм.
"YAHOO" КОМПАНИЙН ХУВЬЦАА ӨСЧ ЭХЭЛСЭН ҮҮ?
2012 оны нэгдүгээр сараас эхлэн шинээр гүйцэтгэх захирлаар томилогдсон Скотт Томпсон (Scott Thompson) нь компанийн төсөв болон үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс тухайн үеийн 14,1 мянга орчим ажилтны 14 хувийг халах болсоноо зарласнаар түүний дуулиан эхэлсэн.
Үүний дараа тэрбээр “Facebook” компанитай патентийн асуудлаар шүүхдэлцэж, “Yahoo” компанийн удирдлага зохион байгуулалтын системийг өөрчлөхөө мэдэгдэх зэргээр дуулианаа үргэлжлүүлсэн юм. Харин 2012 оны тавдугаар сараас эхлэн түүнийг өөрийн CV буюу ажил байдал, боловсролын намтартаа “Нягтлан бодогч болон Компьютерийн инженер”-ийн мэргэжил давхар эзэмшсэн гэж худал мэдүүлсэн нь ихээхэн шуугиан дэгдээв.
Энэхүү шуугианд хариу болгон түүнийг шалгаж зөвхөн “Нягтлан бодогч”-ийн дан зэрэгтэйг тогтоосноор түүний эрин үе дуусгавар болжээ.
Скотт Томпсоноос хойш гүйцэтгэх захирлын ажлыг Росс Лэвинсон (Ross Levinsohn) түр хугацаагаар гүйцэтгэсэн ба 2012 оны долдугаар сараас эхлэн одоогийн гүйцэтгэх захирал Марисса Мэйер (Marissa Mayer) томилогдсон юм. Тэрбээр өмнө нь “Google” компанид инженер, дизайнер, менежер, захирал зэргээр 13 жил ажиллажээ.

Марисса Мэйер томилогдсон цагаас хойш буюу сүүлийн хоёр жилийн дотор тэдний хувьцааны үнэ хоёр дахин өссөн (График 2) ч түүнийг мөнгөнд хэмнэлтгүй хэмээн шүүмжилж байв. Учир нь тэрбээр нийт 1.3 тэрбум ам доллараар 36 жижиг компанийг худалдан авахын сацуу нийгэмд танигдсан хүмүүсийг өндөр цалингаар ажиллуулсан аж.
“Yahoo” компанийн хувьцааны үнэ 2010 оны тавдугаар сараас 2014 оны долдугаар сарын хооронд хоёр дахин нэмэгдсэн ч тэдний гол зорилго буюу нийт орлогын 80 гаруй хувийг эзэлдэг, зар сурталчилгаанаас олох орлого өсөлтгүй, энэ төрлийн зах зээлд эзлэх хувь буурч байгаа юм.
Харин өрсөлдөгчид болох “Google”, “Facebook” зах зээлээ тэлсээр байна. Зар сурталчилгаа, түүнтэй холбогдох орлого буурсан өөр нэгэн шалтгаан нь энэ төрлийн зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдсэний улмаас нэгж сурталчилгаанаас олох орлого буурсаар байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл зөвхөн борлуулалтын орлогыг өнөөгийн түвшинд нь барихын тулд тэдэнд зар сурталчилгааг ашиглах шаардлага тулгарсан. Зар сурталчилгааг захиалагч компаниуд “Yahoo” компанийн технологийг хоцрогдсон хэмээн шүүмжилж байгаа юм. Үүнд яаралтай хариу өгөхийн тулд Марисса Мэйер ухаалаг гар утас, видео болон нийгмийн сүлжээ (social network), тэдгээрт зориулагдсан програм, технологийн шинэчлэлд гол анхаарлаа хандуулах болжээ.

“YAHOO”-ГИЙН СААЛИЙН ҮНЭЭ БУЮУ “YAHOO JAPAN” БОЛОН “ALIBABA”

1996 онд Японы “Софтбанк” (Softbank)-тай хамтран байгуулсан “Yahoo Japan” компанийн үйл ажиллагаа, үр өгөөж хэвээр байна. “Yahoo” компани одоогоор “Yahoo Japan” компанийн 35 хувийг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь зах зээлийн одоогийн үнэлгээгээр есөн тэрбум ам.доллар юм.
2005 онд Хятадын интернет, технологийн салбарын түүхэнд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт буюу “Yahoo” компанийн нэг тэрбум ам.доллараар 40 хувийг нь худалдан авсан “Alibaba” вэбсайт нь ирээдүйтэй хөрөнгө оруулалт болж, тэднийг санхүүгийн дутагдлаас гаргасаар байна.
Учир нь 2012 онд “Yahoo” компани өөрийн эзэмшлээсээ 16 хувийг нь Alibaba-д эргүүлэн 7.1 тэрбум ам.доллараар буюу татварын дараах цэвэр дүнгээр дөрвөн тэрбум ам.доллараар худалджээ. Иймээс “Yahoo” компани Alibaba-гийн 24 орчим хувийг нь эзэмшиж байгаа юм.
Харин “Alibaba” энэ оны наймдугаар сараас анх удаагаа өөрсдийн хувьцааг зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “Yahoo” компанийн эзэмшиж буй 24 хувь нь зах зээлийн үнэлгээгээр 40 тэрбум ам.долларт хүрэх аж. Ийнхүү үүсгэн байгуулагч Жэрри Яангийн 2005 онд өөрийн найз Жак Ма (Jack Ma, Alibaba – гийн үүсгэн байгуулагч)-тай тохиролцон хийсэн хөрөнгө оруулалт нь “Yahoo” компанийг ойрын жилүүдэд санхүүгийн хувьд баталгаатай болгох нь ээ.

No comments:

Онцлох мэдээлэл