Wednesday, June 1, 2016

Монголын үрс маш олон болтугай!

2008.08.18. Төрийн ордон - Фотог Б.Буянбат
Б.Ерэнтэй - Үндэсний шуудан №109(2550)
Монголчууд бид хүүхдүүдээ баярлуулж, бас өөрсдөө баярладаг бэлгэтэй сайн өдөр өнөөдөр тохиож байна.
1925 онд олон улсын "Хүүхдийн сайн сайхны төлөө" чуулга уулзалт Швейцарийн Женев хотноо болж зургаадугаар сарын 1-нийг "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгоё гэж уриалсан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ өдрийг улс орон бүр тэмдэглэж хүүхэд багачуудаа баярлуулах талаар зөвлөмж гаргасан. Үүнээс улбаалан манай улс 1952 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирлээ.
Өнөөдөр Хүүхдийн баяртай давхцуулан манай улсын 3 сая 87 мянган "чингис"-ээс 12241 хүмүүн төрсөн өдрөө тэмдэглэж байна. Хоёр баяр давхцуулсан эдгээр "чингис"-үүдийн дунд ОЛИМПИЙН аварга Н.Түвшинбаяр, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын бүхний танил, нэрэндээ "баяр" гэсэн үг бас давхцуулсан эрхмүүд бий.
2008 он Бээжингийн олимпийн алт, 2012 оны Лондоны олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр аварга ирэх наймдугаар сард болох хүн төрөлхтөний спортын "РИО-2016" наадамд оролцох эрхээ авсан бөгөөд Бразилд амжилттай барилдаж гурав дахь удаа медальд хүрч төрийн далбаагаа олимпийн тэнгэрт мандуулахаар бэлтгэлээ жигдрүүлж байгаа. Баруун бүсийн хонгор нутаг буюу УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт АН-аас нэрийг нь дэвшүүлээд байгаа Н.Түвшинбаяр "чингис"-тээ төрсөн өдрийг нь тохиолдуулан тойрогтоо №1 байхын ерөөл дэвшүүлье. Бидний ерөөлд бүх хүн Like дарах буйзаа.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь 2000-2004 онд Ерөнхий сайдын алба хаших үедээ Газрыг хувьчлах хууль гаргах, хойд хөршид төлөх 9.8 тэрбум шилжих рублийн их өрийн 98 хувийг тэглэх хэлэлцээнд голлох үүрэг гүйцэтгэж, гардан зохион байгуулсан билээ.
Өнөөгийн нөхцөл байдлын дундаас, өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Н.Энхбаяр "чингис"-ийг харахад "Ямар ч байсан хангарди шиг дэвж Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан" гэсэн шүлгийн мөрийг түүнд зориулсан мэт санагдана.
Бидний Монгол Улс өчигдрөөс өнөөдөр илүү хөгжилтэй гоё болжээ. Өнөөдрөөс маргааш илүү гоё болно. Маргаашаас нөгөөдөр илүү гоё болно...Эх орноо илүү гоё болгох их ачааг үүрэх Монголын үрс маш олон болтугай!

No comments:

Онцлох мэдээлэл