Saturday, July 18, 2015

Унаач хүүхдэд ээлтэй Цэнгэлийн манлай галынхан

Ажнай  хүлгүүдийн хийморь,  хүн зоны энергийн их урсгал нэг дор цогцолсон  Хүй долоон худгийн дэнжид жилийн жилд  баяр наадамдаа ач холбогдол өгч, тэнд очсон монгол түмэндээ хүндэтгэл үзүүлж, мөн багагүй хөрөнгө хүч зарж нааддаг нэгэн  гал бий. Энэ бол Монгол глобал ХХК-ийн Цэнгэлийн манлай уяачдын гал юм. Жишиг галаар хэдэнтээ тодорсон тэднийхийг нийслэлчүүд төдийгүй эх орны өнцөг булан бүрээс ирсэн наадамчид, тэр байтугай монгол наадмыг сонирхохоор Монголд хөл тавьсан аялагч, жуулчид анддаггүй.Монгол наадмын чимэг, Хүй долоон худгийн өнгө  болсон тус гал жилээс жилд тохижиж, хүндэтгэлийн өргөө гэр олныг нэмжээ. Бас оройн цагаар залуус суух  гэр баар байна.  Уламжлалт монгол гэрийг орчин үеийн загвараар бүтээсэн, тав тухтай, тохилог өргөөнд халуун хоол ундаар дайлуулах зочид наадмын өнгийг хүүрнэж сууна.
Цэнгэлийн манлай галынхан зочид  гийчдээ уламжлалт хоолоор дайлахаар ахлах тогоочдын багаар  жил бүр үйлчилдэг. Монгол уламжлалыг орчин үеийн чиг хандлагатай уялдуулж, олон түмнээ баясгахад өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой хэмээн онцлох энэ уяаныхан хөдөө талд дэд бүтэц хөгжүүлж болдгийг жинхэнэ утгаар нь харуулж чадсанаараа онцлог. Наадамчид Хүй долоон худагт зөвхөн морь уралдахыг харчихаад буцах биш,  эрүүл, аюулгүй нөхцөлд амарч цэнгэх боломжтой  гэдгийг харуулсан нь энэ. Жилээс жилд галынхаа өнгө үзэмжийг нэмж, өргөжүүлж, иргэдийнхээ тав тухыг хангаж болох бүхий л боломжийг бий болгохыг хичээн ажиллаж байна хэмээн  галын тэргүүн О.Отгонбаатар хэлэв. Тэд  жил болгон хүндэтгэл, хүлээн авалтын гэр нэмдэг ч  хүрэлцдэггүй. Баяр наадамд  ингэтлээ  ач холбогдол өгч, ихээхэн хөрөнгө хүч зарж гал зохион байгуулан нааддаг нь ямар нэгэн учир, бэлгэдэл бий эсэхийг лавлахад Монгол глобал ХХК-ийн захирал Б.Ганбаяр Олон хүн ирэх тусам, тал талаас бүчих тусам  би баярладаг. Эхний жил гэр бүлтэйгээ ирсэн бол дараа жил нь ах дүү, төрөл садан, найз нөхөдтэйгээ  ирнэ. Монголчууд маань ингэж бүл нэмж, бүрэн сайхан нааддаг. Би  улсынхаа авах гэж байгаа ачааг өөр дээрээ авч байгаа юм. Ирэх жилээс бидний байгаа энэ толгой тэр чигээрээ зочдын гэр, хүлээн авалтын өргөөгөөр дүүрэх байх. Үүнд би итгэлтэй байдаг хэмээн ярилаа. Эдийн засаг хямарч хүндхэн байгаа энэ цаг үед халаас нимгэн нэгэн Хүй долоон худаг очоод яана даа гэлтгүй Цэнгэлийн манлай галд очоод үнэгүй хоол, цайгаар дайлуулж, амарч тухлахын зэрэгцээ сэтгэл дүүрэн сайхан наадаад буцах боломжтой гээд бодохоор ийм сэтгэлтэй нэг ч гэсэн бизнесмэн, ийм нэг уяач байна гэдгээр монголчууд маань бахархмаар. Бахархахгүй байхын аргагүй бас нэг зүйл бол  Монгол глобал ХХК энэ жил  Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулж монгол морины хөшөө бүтээж Оросын ард түмэнд бэлэглэсэн юм. Түүхээ зөв талаас харж, залуучууддаа үнэн зөв ойлгуулахын төлөө, хоёр том хөрштэй ард түмэн тэдэнтэйгээ бүх талын харилцаанд  ололттой байх юм бол мөн л бүх талаар хөгжих  учраас  найрамдалт харилцаандаа анхаарах хэрэгтэй талаар, нөгөөтэйгүүр, аугаа их ялалтын түүхэн  баярт үйл явдалд  монголчууд ингэж оролцож байна гэдгийг онцлон харуулах гэж тэрхүү хөшөөг бүтээлгэжээ.
Монгол глобал ХХК барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, барилгын материалын импорт зэрэг олон салбарт тэргүүлдэг. Сүүлийн жилүүдэд   бизнесийн салбар хүнд байгаа нь хүндрэл учруулж буй эсэхийг асуухад Б.Ганбаяр захирал инээгээд Хүнд байна гээд би хүлээж авдаг байсан хүмүүсээ авахгүй байх аргагүй. Анх би ядуу байж  гэрээ зараад Цагаан сар хийсэн хүний тухай сонсоод гайхаж бас шүүмжлэлтэй хандаж байсан үе бий.  Гэтэл одоо би өөрөө бараг тэр хэмжээнд оччихоод байна. Магадгүй нэг юмаа зараад наадмаа хийх нь л дээ.  Тэгэхээр гэрээ зараад Цагаан сар хийснийг шүүмжлэх хэрэггүй. Цагаан сар бол уламжлалт баяр. Хэчнээн ядуу байсан ч баяраа сайхан тэмдэглэдэг байх хэрэгтэй. Ерөөл бэлгэдлийн баяр. Өргөл барьц өгч, буян үйлдэх хэрээр ашиг орлого нэмэгддэг гэдгийн цаана монгол ахуйн бэлгэдэл байдаг юм билээ. Би ирсэн зочдоо хэдий чинээ баярлуулж сэтгэл дүүрэн байлгана, ирэх жил түүнээс илүү сайхан байна хэмээн хуучиллаа. Тус галынхан  наадамчин олноо ч, унаач хүүхдүүдээ ч дээдэлж, монгол хүн болгоныг магнай тэнэгэр сайхан наадуулахад хичээж, сэтгэл зүтгэлээ зориулдаг  сайхан хамт олон. Тухайлбал, унаач хүүхдүүдийг жил бүр нэг сая төгрөгөөр байлдаг уламжлалтай. Өнгөрсөн жил 30 хүүхдийг нэг  сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмай буюу Чингис хааны алтан гэрэгэ-ээр байлсан туршлагатай. Энэ л туршлагаа зузаалж, унаач хүүхдүүддээ бэлгээ гардуулав.
Мөн Б.Ганбаяр захирал  манай­хан морины тухай л ярихаас биш хүүхдээ ан­хаарах нь бага явж ирсэн, телевизээр уяачид алдар, цолоо  дуудуулахаас биш унаач хүүхдийн тухай дур­салгүй явж ирсэн нь байж боломгүй хэмээн асуудал дэвшүүлснээр өнгөрсөн жилээс унаач хүүхдүүдийг эцэг, эх, нас хүйстэй нь зарлаж, бүртгэлд хяналт тавьдаг болсон гээд олон зүйлийг дурдаж болно. Олон зүйлээр шинэлэг, санаачлагч, манлайлагч тус галынхан  хурдан морины уралдааныг цаашид хэрхэн хөгжүүлэх тухай, наадмаа хэрхэн хийдэг байх талаар сонирхолтой, асуудал дэвшүүлсэн саналууд хэлж байдаг.  Галаас хийсэн бяцхан сурвалжлагын эцэст энэ жилийн  наадмаар уяачдын дунд ихээхэн  шүүмжлэл өрнүүлсэн  хурдан морьдын ангилсан талаар Б.Ганбаяр захиралтай цөөн хором ярилцлаа.
-Эрлийз, монгол морьдыг ялгах асуудалд та ямар байр суурьтай байна?
-Морьдыг  ялгах хэрэггүй байгаа юм. Тийм дүрэм гарсан юм бол сонгууль болохоор  бие биеэ эрлийз гэж дуудалцаад байдаг Их хурлын гишүүдийг ч бас  өндөр нам, царай зүсээр нь ялгачих л даа. Ер нь бол морьдын угшлыг сайжруулахын тулд аль болох хурдан, бие томтой байлгахад анхаарч байгаа. Морь том биетэй болохын давуу тал нь  том хүүхэд унана гэсэн үг. Барууны уралдаануудыг  харж байхад морь нь ч том биетэй, дандаа том хүн унаж байгаа. Сүүлийн үед морь унадаг хүүхэд олдохоо байчихаж.  Зарим уяач өөрсдийн нэрийг гаргахын тулд хөдөөнөөс эцэг эхгүй хүүхэд авчирч морь унуулж байна. Би үүнийг яаж мэдсэн бэ гэвэл, манай компани жил бүр унаач хүүхдүүдэд шагнал олгодог. Тэр шагналаас жил бүр 10-аад хүүхэд үлдчихдэг. Тэдний нэр ус байхгүй, ямар хүүхэд хаанаас ирээд морь уначихаад явчихав гэдэг судалгаа ч олддоггүй. Уяач нь ч өөрсдөө мэдэхгүй байдаг. Энэ асуудалд би эмзэглэдэг, бас шүүмжлэлтэй ханддаг.  Хүүхдийн төлөө газрын удирдлагуудад байнга хэлдэг. Өнгөрсөн жил  И.Нарантуяатай ярьж байгаад  унаач хүүхдийг эцэг эх, нас хүйстэй нь зарладаг болсон. Ингэхгүй бол хүүхэд алга болох юм уу, гэмтэж бэртэх асуудал гарч болзошгүй. Тиймээс би хариуцлагагүй юмнаас хариуцлагатай наадам руу орох цаг болсон гэж хэлээд байгаа юм. Морьдыг ангилж байгаагаас үүдээд бас нэг зүйлийг хэлэхэд, жижиг биетэй морь уралдууллаа гээд Завхан аймгийн Сонгино суманд байгаа уяачийн морь гарах уу гэвэл үгүй. Нөгөө л хэдэн хүний морь түрүүлдгээрээ түрүүлж, наадам нь ч болдгоороо болно. Тэр хүмүүсийн морины удамд селекц нь орчихсон байгаа шүү дээ.
-Тийм учраас ялгая, ангилъя гэх илүүц гэж үү?
-Тэрэнд орвол зургаан насны морьдоо сайхан уралдуулаад тоосыг нь харчих хэрэгтэй. Харин  Тэр намын морь түрүүлчихлээ, одоо манай намын морь түрүүлэх ёстой гээд наадмын талбай дүүрэн хэрэлдэж байгаад анхаарах хэрэгтэй. Намчирхал, улстөржилт газар авлаа. Хөдөөнөөс эгэл жирийн малчин хүн морио уяад уралдуулаад орж ирж байна уу гэвэл  үгүй. Ихэнх нь өөрсдийн гэсэн морины том аж ахуйтай бизнесийнхэн, улстөрчид морио уралдуулж, түрүүлж байна. Тэд мориныхоо цусанд  хийчихсэн учраас жижигхэн биетэй атлаа  авто машинаар бол гаднаа Газ-69 харагдаад доторх эд анги нь  Бенз болчихсон адуугаа уралдуулах гээд морины ангилал, дүрэм энэ тэр гээд байгаа юм. Ингэж болохгүй. Жишээ нь, мод барьж зогсоочихоод Энэ төдөн метр байна, Сайханбилэг ээ чи болохгүй гэсэнтэй агаар нэг юм ярих гээд байна шүү дээ. Бөхчүүд ч ялгаагүй, бүгдийг нь оноолт болгочих хэрэгтэй. Ингэвэл найраа хийх хэрэггүй болно шүү дээ. Үнэхээр аварга юм бол аварга л байх ёстой. Оноолтоор барилдаад гараад ирнэ биз.
-Танд болон Цэнгэлийн манлай гал, Монгол глобал компанийн  хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа.Ирэх жилийн наадмаар манай галаар зочлоорой.
Зууны мэдээ 2015.7.17 № 143 (5069) Ч.ЗОТОЛ, Д.ОЮУН

No comments:

Онцлох мэдээлэл