Saturday, August 21, 2010

Мянган дамжсан "День победы"

Ялалтын баяр. Монгол нутгийн хилийн дээсийг зөвшөөрөлгүй алхан орж ирсэн Япон цэргүүд зарлаагүй дайныг эхлүүлсэн нь тэртээх 71 жилийн өмнө. Харин түүхэнд хилийн мөргөлдөөн, байлдаан гэх мэт янз бүрээр нэрлэгдсэн уг үйл явдал эцэстээ Монгол цэргийн уухайн дуугаар өндөрлөсөн тэр л өдрийг "Ялалтын баяр" хэмээн нэрийдэж тэмдэглэсээр ирсэн нь өдийг хүртэлх 70 жилийн хугацаа юм.
Халх голын ялалтын ойг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол анх 1940 оны наймдугаар сарын 14-нд гарчээ. Уг тогтоолд Монгол, Зөвлөлтийн баатарлаг цэрэг эрс Монголын хил хязгаарт халдсан Японы эзлэн түрэмгийлэгчдийг бут цохисон яруу алдрыг магтахын тулд жил бүрийн наймдугаар сарын 20-нд улсын хэмжээнд тэмдэглэн ёслож өнгөрүүлэхээр шийдвэрлэж, Бага Хурлын дарга Д.Бумцэнд тэргүүтэй төлөөлөгчид батлан үзэглэж байжээ. Тэр үеэс хойш он цагийн хуудаснаа нэг мянган солигдсон билээ.

Социалист тогтолцоо задрахаас өмнө гудамж талбайд өнгө өнгийн цэцэг барьж, форм парчикаараа гангарсан пионер сурагчид, олон зуун иргэд сүрлэг жагсаалаар алхаж бүрээ бишгүүр хангинуулан дуу хуур, бүжиг наадам болж байв. Тэр цагт хойд хөрштэйгөө үүрд мөнхийн "ах дүүгийн" мэт харилцаатай байсны дээр Халх голын байлдааны тухай дурсамж ч хуучраагүй байж. Байлдаанд оролцож байсан ахмад дайчдын нэлээд нь амьд сэрүүн байсан учир дурсах хөөрөх юм ч их байсан биз. Тэртээ 1964 онд Халх голын Ялалтын 35 жилийн ойг угтаж офицер цэргийнхэн залуу зохиолчидтай уулзаж, ирээдүйн зохиол бүтээлээ хэрхэн туурвих талаар нь санал зөвлөгөө өгсөн нь ч бий. Мөн "Батлан хамгаалах зорилт сурталчлах ажил"-ыг зохион байгуулж байв.
Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш өнгөрсөн жилийг хүртэл тийн сүртэй тэмдэглэж байсан нь үгүй. Харин өнгөрсөн онд Ялалтын баярын 70 жилийн ойгоор бид үнэхээр дуутай, цуутай ёсолсон. Ямар сайндаа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев хүртэл ирж, хоёр орны цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөж байхав. Яахав түүнд алт, зэс, нүүрсний тухай яриандаа бялууран суух Монголчуудтай хэлэлцэх, мэтгэлцэх цаад санаа байсан л биз. Гэхдээ л "Найрамдал - Дружба"-гаар гагнагдаж асан хоёр орны цэрэг нэгэн цагт 1 мөр зэрэгцэн дайсны өөдөөс тэмцэж байсны дурсгалыг хүндэтгэж үзсэн л юм чинь.

Үүний зэрэгцээ Японы төлөөлөгчид хүртэл ирж, хүндэтгэл үзүүлсэн. Засгийн газраас 60 гаруй тэрбум төгрөг зарцуулж, Халх голын байлдаанд оролцож байсан ахмад дайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцаар хангахаар болж байв. Тэднийг алдаршуулахын тулд баримтат кино, зургийн цомог бүтээж, уулзалт аялал зохион байгуулж, хуучин хөшөө дурсгалыг сэргээн, шинээр бүтээн байгуулж байсан нь саяхан. Түүнчлэн Орос, Монголын 70, 70 залуусын оролцсон "70:70" реалити шоуг зохион байгуулж, Халх голын дайны үр нөлөөг сурталчлан таниулж байв. Тэгш ойн баяр юм чинь арга ч байж уу дээ. Гэвч энэ жил яруу алдарт ялалтын баярын 71 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх нь үгүй. Зөвхөн Офицеруудын ордонд болох Халх голын үйл явдлыг нэхэн өгүүлэх яруу найргийн наадам, Монгол цэргийн музей дэх зургийн үзэсгэлэн зэргийг тоочиж болох юм.

Жил бүрийн тавдугаар сарын 9-нд хойд хөршийнхөн өөрсдийн "День победы"-г сүрлэг тэмдэглэж, цэрэг техникийн сүр хүчээ гайхуулдаг. Тэгвэл Халх голын дайн дууссан тэр өдөр бидний хувьд үнэхээр "Ялалтын баяр" байсан бол дайны "хамтрагчид" болох япон, оросууд юу гэж үздэг бол.

Өдгөө олон эрдэмтэн Халх голын байлдааныг Монгол, Японы зөрчлөөс үүдээгүй гэдгийг онцолж байна. Харин Орос, Японы газар нутаг, геополитикийн ашигтай байрлал олж авах гэсэн тэмцэл Монгол нутагт өрнөсөн нь тэр гэх нь бий. Хятадын хойд хэсэгт өөрсдийн Манж Го улсыг байгуулсан япончууд Оросын газар нутгаас эзэмшилдээ оруулахыг санаархан томоохон дайн эхлүүлэхээр бэлтгэж байлаа. Ингэхийн тулд өөрсдийн түшиц газартай болохыг зорьсноор БНМАУ-ыг овоо хараандаа онилжээ. Гэвч ЗХУ-ын жанжин Г.Жуковоор удирдуулсан орос цэргүүдийн нэмэлт тусламж ирж, "өнөө муусайн империалистууд"-ыг үлдэн хөөсөн тухай Монголчууд бид бахархан ярих дуртай.

Цаашилбал, Халх голын дайн Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гол шалгуур болсон гэж үзэх хүн ч бий. Үнэхээр ч тийм байж болно. Тэр үеийн бодит түүхийг өгүүлсэн баримт бичгүүдэд нэг талаас Япон болон түүний биет төлөөлөл болсон Манж Го улс, нөгөө талаас ЗХУ, БНМАУ-ын баримталж байсан байр суурийг тусгасан байдаг. Гэтэл Халх голын байлдаанд Зөвлөлт, Монголын арми ялсан гэх ч эцсийн дүнд нь манай улсын хувьд дайны төлбөр авах байтугай тодорхой хэмжээний газар нутгаа алдсантай холбоотой асуудал нь хүртэл орхигджээ. Энэ талаар түүх судлаач, эрдэмтэд ч онцолсоор ирсэн юм. Гэхдээ Монголчуудын хувьд 1939 онд болсон тэрхүү үйл явдал үнэхээр "Дайны ялалтын баяр" байсан.

Тухайн үед Халх гол орчмын багахан хэмжээний газар нутагт асар их цэргийн хүч хуримтлуулахын тулд бараг сангаа хөмрөх шахсан мэдээ баримт бий. Дайнд оролцсон ахмад дайчид ялалтын баярын үнэ цэнийг мах, цусаараа мэдэрдэг. Тийм ч учраас хэдэн жилийн өмнө зах дээр зарагдаж байсан "Бид ялав" медалийг олчихоод маасайн инээж байсан Японы жуулчныг харсан нэгэн ахмад дайчин "Бид ялсан биз дээ" хэмээн халаглаж байлаа.

Япончуудын хувьд Халх голын дайн чухам юу байв. Тэд түүхэндээ үүнийг "Номонхааны хэрэг" хэмээн тэмдэглэжээ. Энэ нь япон цэргийн жанжин Квантуны армийн штабын газрын зохиосон Манж Го, Монголын хилийн зураг дээрх дүрслэлтэй холбоотой аж. Тус газрын зурагт Номонхаан бүрд овоо зэрэг хэд хэдэн газрыг холбосон шугамыг улсын хил хэмээн тогтоож байсныг харуулдаг. Чухам ямар шалтгаанаас ингэж үзэх болсныг сонирхох Японы эрдэмтэд ч олон байдаг аж. Гэхдээ тэд Халх голын байлдаан бол Монгол, Япон хоёр орны хооронд болсон зөрчил тэмцэл биш гэдгийг үргэлж онцолдог байна. Хэдийгээр одоо дайны галын дуу хадахаа больсон ч эртнээс нааш эв хамтын харьцаатай байснаа нэхэн сануулах нь япончуудын буруу биш. Нөгөө талаас тэдний хувьд ялагдлаар дууссан тэрхүү түүхэн үйл явдлыг дайн биш, зүгээр нэг "хэрэг" хэмээн бүдгэрүүлэх нь нэр хүндийн хэрэг ч байж болох. Юу ч л гэсэн тухайн үед дайны олзонд үлдсэн олон япон цэрэг Монгол орны барилга ангийн бүтээн байгуулалтад оролцож байсан юм.

Халх голын байлдаанд оролцсон орос ахмад дайчид тэр үеийн тухай дурсан ярих дуртай. Дайны түүхэнд анх удаагаа томоохон хэмжээний агаарын довтолгоог үзүүлснээрээ тэд бахархдаг. Хөөрхий байдалд орсон Монголчуудад тусалж, орос цэргийн сүр хүчийг япончуудад харуулснаараа тэд хөөрдөг. Ямар ч байсан бүхэл мянган солигдсон хэдий боловч Халх голын дайн дуусах цуурай хадсан тэр өдөр Монголчуудын хувьд мянган дамжсан "День победы" хэвээрээ байна.
********************************************
text : 

No comments:

Онцлох мэдээлэл