Sunday, May 29, 2011

МУИС дэлхийн шилдэг технологи Koha програмыг Монголд анх удаа нэвтрүүллээ

МУИС дэлхийн томоохон номын сангуудад ашигладаг автоматжуулалтын цогц систем болох Koha програм хангамжийг Монголд анх удаа ашиглаж эхэллээ.

Тус сургуулийн Математик Компьютерийн Сургуулийн багш нар болон номын санчдын баг ШУА-ны Информатикийн хүрээлэнтэй хамтран Koha системийг монгол хэл рүү орчуулж, өгөгдлийн баазаа хөрвүүлж дуусгаад номын сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Уг програмыг албан ёсоор нээж, олон нийтэд мэдээлэх, Улсын төв номын сан болон бусад их дээд сургуулиудын номын сангийн мэргэжилтнүүдэд танилцуулах үйл ажиллагаа 05-р сарын 24-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 179 тоот танхимд боллоо.

Өнөөдрийн байдлаар номын сангийн автоматжуулалтын цогц систем Koha–г дэлхийн олон орны номын сангууд хэрэглэж байна. Анх 2000 онд Шинэ Зеландын Katipo Communications Ltd-ээс номын сангийн үйлчилгээг боловсронгуй болгоход зориулан Perl хэл дээр зохион хэрэглээнд гаргасан энэхүү систем нь нээлттэй эх бүхий, үнэгүй програм хангамж /Integrated Library System (ILS)/ юм.

Дэлхийн шилдэг технологит суурилсан, номын сангийн орчин үеийн цогц систем ийнхүү нэвтэрснээр ном олголт, ном тодорхойлолт, тогтмол хэвлэл тодорхойлох захиалах, хэрэглэгчийн менежмент, салбар номын сан зохион байгуулах зэрэг бүх төрлийн үйлчилгээ автоматчилагдахын зэрэгцээ олон хэл дээр нэгэн зэрэг ашиглах боломжтой юм. Түүнчлэн е-номын сан зохион байгуулан, олон улсын номын сангуудын сүлжээнд холбогдон мэдээлэл солилцох боломж бүрдлээ.

No comments:

Онцлох мэдээлэл